10/07/2011

Монголчуудын ёсон: Аяга


      Монголчуудын хувьд аяга бол хоол унд савлан хүртэх хонхорхой төдий байсангүй. Амьд явбал алтан аяганаас уе ууна, аяганы амсар зуух хувьтай гэхчлэн аягыг шууд амьд явахуй, амьдрахуйтай холбодог, аяга буян хишгийг бэлгэднэ гэж үздэг байсан. Тиймээс аягыг хүндэлж, цэвэр ариун байлгаж ирэв. Монгол аяга ард түмний бэлгэ зүйтэй тохирон бүтээгдсэн, ихээхэн утга агуулгыг шингээсэн байдаг. Тиймээс ч монголчууд үңдэсний аяга, сав суулгаа л хэрэглэхийг эрхэмлэдэг байжээ.

        Монголчуудын ёсонд: хүн болгон өөр өөрийн аягатай, миний аяга гэсэн бат тогтсон ойлголттой байх ёстой. Айл гэрийнхэн хооронд нь ялгахын аргагүй адилхан аяганд идэж уудаг аваас, амны буян алинд нь ч тогтохгүй эзэнгүйдэж, сарнин замхардаг.

Аягаа эмтэлж хагалах, бохир байлгах, хайхрахгүй байх зэрэг нь буян хишигт мөн тийнхүү нөлөөлнө. Алсыг зоривол аягаа авч явах хэрэгтэй. Эс бөгөөс тэр газар буян хишигтэй эс тохиолдоно. Орчин үеийн нөхцөлд хаа таарсан газраа өөрийн аягыг гарган ирж хэрэглэх нь боломжгүй хэдий ч, өдөр бүр аягандаа заавал ам хүрч байх учиртай. Ингэвэл муугаас сэргийлнэ.

Ер нь монголчууд аяга шанага, гал тогооны хэрэгсэлд ариун цэврийн ёсыг сайтар сахиад зогеолгүй, тэднийг эрүүл мэндэд тустай болгон хэрэглэж байв. Мөнгө зэс тэргүүтнээр сав суулга, савх халбагыг үйлддэг нь нян халдварыг устгаж, бодисын солилцоо, биеийн эсэргүүцэл, хүч тамирыг сайжруулдаг байжээ. Хүн бүр өөрийн аяга, хутга, савх, арчих алчууртай, түүнийгээ биедээ авч явдаг, ачит төмөрлөгийг зохистой хэрэглэдэг нь эрүүл мэндэд туйлын сайн нөлөөлдөг ажээ.

Аяганд шавхруу үлдээж бүү тавь, цагаан идээ ууж идсэн бол хичээнгүйлэн долоо. Аяга хөмөрч тавихаас зайлсхий. Дээгүүр нь алхан гарч болохгүй. Аль тааралдсан газраа хурааж үл болно. Ямагт нэг газар хураах нь буян хишиг хурахад тустай. Зочны өмнө сэтэрхий, цуурхай болон хоосон аяга байлгах нь муу ёр. Цай хоолоо заавал аягалж өгнө. Аягалахдаа цайн эргүүлгийг нар зөв тойруулж хийнэ. Өгөхдөө өрөөсөн гараар дөхүүлж үл болно. Буян хишиг хагасрана. Солгой гараар сарвайж бүр болохгүй.

Аяга бол дээш харсан бэлгэт сав. Хэн бүхэн өөрийн гэсэн мөнгө, зэс, гангаар үйлдсэн аяга, халбага сэрээ, савх хутга зэрэгтэй бологтун. Айл өрх ийм эдээр хийсэн төрөл бүрийн сав суулгатай байвал ач ивээл нь их. Монгол ёсоор аяга саваа хүндэлбэл буян хишиг хурна.

Монгол аяга, сав суулга нь бэлгэ дэмбрэлийг шингээсэн төрөл бүрийн хээ угалз, дүрслэл, янз маягтай, дархчуудын ур ухааныг илтгэсэн уран нарийн сийлбэртэй урлагийн бүтээл байдаг байв. Мөнгө, алт, зэс, ган, сайн чанарын мод зэргээс бүтсэн тэд нь он удаан жилийг элээн эдлэгдэж, үеэс үе дамжин үлдэж, түүх соёлын дурсгал болдог асан.

No comments:

Post a Comment