http://n-topsecret.blogspot.com/2010/09/d-disc.html
Хүн болгон математикч болох албагүй
Гэхдээ тэд бүгд л эцэг эх болцгоодог гэдэг үг байдаг.
Таны бяцхан үр, таны бяцхан дүү өнөөдөр хэр зөв хүмүүжиж, төлөвшиж байгаа бол, та тэр бяцхан иргэнд аав ээжийн хувьд, ах эгчийн хувьд ямар үлгэр дуурайл үзүүлж байгаа бол?... Энэ бол бодууштай л зүйл юм.
Бидний хойч залгамжлагч халаа болсон хүүхэд багачуудын хүмүүжлийн асуудал гүн доройтолд ороод байна гэж миний зүгээс дүгнэдэг. Түүний олон жишээ байна: Хамгийн сүүлийн үеийн баттай эх сурвалжаас 2008 оны байдлаар бага насны хүүхэдтэй холбоотой 504 гэмт хэрэг гарсны зөвхөн 16 нь бидний гудамжны гэж хочилдог гэр бүлийн хараа хяналтгүй хүүхдүүдийн оролцоотой байсан байна. Бусад 488 бага насны гэмт хэрэгтээс 350 орчим нь эцэг эхийн хараа хяналтанд байсан ажээ. Мөн тамхичдын нас улам залуужсаар 11-12 насны жаахан хүүхдүүд тамхи татах үзэгдэл гарч байна. Энэ бүхэн намайг энэхүү илтгэлийн сэдвээ хүүхдийн хүмүүжлийн талаар сонгоход хүргэлээ.
“Хүн эхээс төрөхдөө муу хүн болж төрдөггүй” хэмээх үг байдаг. Аливаа хүн харам сэтгэл, атаархуу зан, хайрлаж энэрэх сэтгэлтэй байх, худал хэлэх, хулгай хийх дадалтай болох, бусдыг хүндлэх, бусдад туслах эрмэлзлэлтэй байх зэрэг шинж чанаруудын ихэнх нь байгалиас заяасан бус олдмол зүйл бөгөөд, төрөхдөө эдгээрээс өчүүхнийг өөртөө агуулж байдаг, харин амьдрах явцдаа тэдгээрийг хөгжүүлж эсвэл заримыг нь гээдэг гэдэгт би итгэдэг.
“Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа” гэдэг. Хүний төлөвшилийн гол цөм 0-16 насанд бүрэлддэг. Энэ нас эцэг эхийн гар дээр хүмүүждэг нас билээ. Тэгэхээр хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг асар их байдаг. Цэцэг цэврүү шиг хөөрхөн хүүхэд гэж хүмүүс хүүхдээ өхөөрдөх нь бий. Тэр ч утгаараа хүүхдийг цэцгээр төлөөлүүлэн үзье. Цэцэг хөрс шорооноос шим тэжээл авч ургадгийн адил гэр бүл хүүхдийн зөв бодол, зөв хүмүүжлийн шим тэжээлийг бүрэлдүүлж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл эцэг эх хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж, дэргэд нь хэрэлдэх, ёс бус үг хэллэг хэлэхээс зайлсхийх нь зөв. Эцэг эхийн үйлдэл хүүхдэд шууд тусдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд тэдгээрийн хэлж буй үг, хйиж буй үйлдлийн зөв бурууг ялгаж салгаж чаддаггүй учраас бусад эрэгтэй хүмүүсийг аав шигээ, эмэгтэй хүмүүсийг ээж шигэ төсөөлж, амьдралыг үзэх үзлийн анхны хувилбарыг эцэг эхээсээ хуулбарладаг. Мөн бусадтай харилцахдаа гэр бүлийнхэн хоорондоо хэрхэн харьцаж байгааг үлгэрлэн харуулдаг. Үүнийг ухаарсан нэгэн мэргэн хүн “Хүүхэд бол гэр бүлийн толь” хэмээх мэргэн үгийг хэлсэн биз ээ. Алтан нарны цацраг арчаагүй бяцхан дэлбээг тэтгэн цэцгийн цоморлиг босгодог шиг багшийн үг бүр хүүхдийн оюун ухаанд шууд тусан үлддэг. Тиймээс багшийг наран адил бодож, үг бүрийг нь нарны цацраг адил санахад хэлсдэхгүй болов уу? Эцэг эхийнхээ үгийг сонсдоггүй эрх хүүхэд ч гэсэн багшийнхаа үгийг нэгийг ч гээлгүй биелүүлж байх нь ажиглагддаг. Иймээс хүүхдийнхээ багшаар дамжуулж хүүхдэдээ эцэг эхийн зүгээс хэлж чаддаггүй ч тэднийг мэдээсэй гэж хүсдэг олон зүйлсийг сургаж болох юм. Үүнийг мэддэг эцэг эхчүүд хүүхдийнхээ багштай сайн танилцсан байдаг юм. Нэг цэцэрлэгт ургадаг цэцэгсээс нэг нь л хатаж гандахад бусдадаа халдан тардаг. Тиймээс таны хүүхдийн найз нөхөд, ангийн андуудын хүмүүжил ч бас таны анхаарууштай зүйл юм. Хүнийг нөхрөөр нь шинждэг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Модны дэргэд ургадаг цэцэг модыг өндөрт ургах тусам даган дээшээ тэмүүлж байдаг учраас модны ёроолд ургадаг цэцэг бусдаас өндөр ургасан байдаг, энэ лугаа адил ухаалаг зөв зүйлийг зааж сургах ах эгчтэй хүүхдүүд амжилттай байх нь олонтаа. Энэ үгээр ах эгч нь ямар амжилт гаргана хүүхэд түүнд тэмүүлж байдаг юм гэсэн бодлоо илэрхийлэхийг хүслээ. Таны амжилт мөн таны дүүгээсээ хүлээх хүндлэлийг өсгөх нь гарцаагүй. Миний бодлоор хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь тэд бүгд л бусдаар хүндлүүлэхийг хүсдэг атлаа, өөрөө бусдыг хэр хүндэтгэдэг бол... Өөрөөсөө ахмад хүнийг хүндлэхгүй байж, жаахан дүүгээ өөрийгөө хүндлэ гэж шаардах нь тухайн хүний ухамсар дорой байгааг илтгэх болов уу?
Нялх хүүхдийн оюун санаа цав цагаан цаастай адил гэх үг байдаг. Хүүхэд тэр цав цагаан цаасан дээрээ хамгийн түрүүнд аав ээжийнхээ дүр зургийг буулгадаг болов уу?
... Хараад л инээмсэглэж, амттай сайхан сүүгээр хооллодог сайхан үстэй үзэсгэлэнтэй эмэгтэй миний ээж юм байна гэж баярлана. Харин үргэлж өхөөрдөн тоглож, хайрлан энхрийлдэг баргил хоолойтой бахим эр миний аав юм байна хэмээн бахархана. Гэтэл нэгэн өдөр аав ээж нь маргалдаж, уурандаа элдэв үгээр бие биеэ хэлж гэж бодъё. Тэр хүүхдийн сэтгэлд байгаа аав ээжийнх нь зурган дээгүүр хар будаг асгаран урсах болно. Тийм биш гэж үү? “Бурхан мэт сэтгэж, хайрлан хүндэлж байдаг эцэг эхийнх нь тухай бодол нь гэнэт үгүйсгэгдэнэ гэдэг хүүхдэд маш том цохилт болох байхаа. Ой санаанд нь байсан гэр бүлийн аз жаргалтай дурсамж бүдгэрэн, муу муухай дурсамжийг цагаан цаасандаа нэмж зурна. Тэр муухай дурьдатгалыг баллуурдан арилгасан ч хэтэрхий чанга дарж зурснаас болоод, ор мөргүй арилаад өгөхгүй. Бүдэг бадаг үлдэж, хожмын өдрийн аз жаргалыг нь үлээн хийсгэнэ.
Орчин үеийн квантын физик хүний бодол санаа өөрт эргэн ирэх соронзон долгионыг үүсгэдэг юм гэдгийг батлаад байна. Өөрөөр хэлбэл хүн аливаа зүйлийг үргэлж бодсноор тухайн зүйлийг биелэлээ олох магадлалыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Тиймээс хүүхдээ эерэг үзэл бодолтой, өөдрөг сэтгэлгээтэй болгож өсгөхөд анхаарах хэрэгтэй. Мөн хүн бол өөрийн оюун санааныхаа сав нь юм. Ямар ч хүн болор тавагтай амтгүй хоолноос илүү энгийн шаазан тавагтай амттай хоолыг илүүд үздэг. Иймд ухаалаг эзэгтэй ямагт аяганыхаа өнгөнд бус хоолныхоо амтанд илүү анхаарна. Та ч бас хүүхдээ ухаалаг хүн болоосой гэж хүсч байгаа бол аливаа зүйлийн өнгөнд бус дотоод мөн чанарт түшиглэн дүгнэлт хийдэг сэтгэлгээтэй болгох хэрэгтэй болов уу?
Миний ажигласнаар Монгол хүмүүс хүүхдийн өөртөө итгэх итгэлийг мохоож, худал хэлэхээс өөр замгүй болгодог юм шиг санагддаг. Яагаад гэвэл тэд хүүхдийг буруу зүйл хийхэд нь зөөлөн үгээр ухааруулахын оронд шууд л чанга дуу хатуу үгээр загнадаг. Тэд хүүхэд гэнэн томоогүйгээсээ алдаа гаргадгийг хүлээн зөвшөөрдөггүй, хүүхдээсээ түүнд ахадсан зүйлсийг шаарддаг. Жишээ нь: Бат өөрийнхөө сурах бичгийг санамсаргүй алдчихжээ. Энэ тухайгаа ээждээ хэлэхийг хүсч, гэтэл өмнө нь номоо алга болгоход ээж нь түүнийг “тэнэг” гэж загнаж, алганы амт ч үзүүлж байсан удаатай учраас, тэр сурах бичгээ алга болгосон тухайгаа ээждээ хэлэлгүй, ямар нэгэн аргаар шинэ сурах бичигтэй болохоор шийджээ. Түүнд мөнгө байгаагүй болохоор Бат өөр хүүхдийн номыг хулгайлах, эсвэл ээждээ худал хэлж ном авах мөнгөө олохоос өөр арга байсангүй. Хэрэв Батын ээж түүнийг номоо алга болгосных нь төлөө зодож хатуурхаагүй байсан бол Бат хүүхдийн ном хулгайлж, ээждээ худал хэлэх шаардлагагүй байсан болов уу? Түүний ээжийн хувьд хүүхдийнх нь зөв хүмүүжлээс илүү дахин худалдаад авчих боломжтой сурах бичиг үнэтэй гэж үү? Мэдээж үгүй ээ... Харамсалтай нь хөөрхий эмэгтэй үүнийг ухамсарлаагүй байж болох юм.
Нэмж хэлэхэд миний энэхүү илтгэл хэрэв та хүүхдээ орчлонгоос тасархай сайхан өсгөж хүмүүжүүлсний дараа хүүхэд тань ямар нэгэн зүйл тохиолдлооор нийгмийн муу муухай бүхнийг мэдвэл бүр илүү сэтгэлээр унах бус уу? Гэсэн асуултаар няцаагдах дөхөж билээ. Гэхдээ хүүхдийн хүмүүжлийн талаар надтай адилхан бодолтой явдаг багш маань хүүхдэд тэр бүхнийг үйлдлээрээ биш үгээр ойлгуулах хэрэгтэй. Хүүхэд муу муухай зүйл байдаг гэдгийг мэдэх нь манай гэр бүлд тийм зүйл байхгүй шүү дээ гэж ээж ааваараа бахархаж сэтгэл хангалуун амьдрах сэдэл төрүүлэх байх аа гэж хэлж билээ. Үнэндээ ингэж би аврагдаж байсан удаатай. Одоо энэхүү илтгэлээ уншаад сэтгэл үнэхээр хангалуун байна.
Эцэст нь хэлэхэд та үргэлж Монголын бяцхан иргэдэд үлгэр жишээ болж яваарай!
No comments:
Post a Comment